Эхлэл онцлох Түрээсийн орон сууцанд сонгогдсон иргэд барьцаа төлбөр байршуулна

Түрээсийн орон сууцанд сонгогдсон иргэд барьцаа төлбөр байршуулна

НИТХ-ын ээлжит хурлаар Түрээсийн орон сууцны хөтөлбөртэй холбоотой хоёр журам, нэг тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Хурлын эхэнд Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн журам батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ журамд нийслэлийн түрээсийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслүүлээд өмчлүүлэхтэй холбоотой асуудал тусгасан байна. Ийнхүү цахимд шилжүүлснээр түрээсийн орон сууцтай холбоотой өргөдлийг нэгдсэн системд бүртгэхээс гадна иргэдийн цаг зав, зардлыг хэмнэнэ гэж албаныхан үзжээ.

Энэ үеэр НИТХ-ын зарим гишүүд цахим бүртгэлийн хяналтын системийг сайжруулахгүй бол бизнесийн байгууллагууд өөр байдлаар ашиглах эрсдэлтэй гэдгийг сануулсан юм. Харин сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах нь хакердуулах эрсдэлтэй тул комисс байгуулахаар болжээ.

Түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг хамруулах юм.

Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын зургаан мянган төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгажээ. Харин түрээслээд өмчлөх иргэд тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтой байна.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэд хавсаргах бичиг баримт:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт,
  • Орлого тодорхойлох бичиг баримт
  • Өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,
  • Залуу гэр гэрлэлтийн лавлагаа,
  • Ахмад настан тэтгэврийн дэвтрийн хуулбар,
  • Гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт
  • Өрх толгойлсон эцэг, эхчүүд өрх толгойлсон болохыг нотлох баримт
  • 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүл хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг хавсаргана.

Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгал болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримтыг оруулж болно. Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтыг сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр явуулж шаардлага хангасан иргэдийг сонгох юм. Ингээд сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц  түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд Нийслэлийн орон сууцны корпорациас түрээсийн батламж олгоно.

Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлөх юм. Ингэснээр төлбөр төлсөн иргэн, Нийслэлийн орон сууцны корпораци хооронд түрээсийн гэрээ байгуулснаар эрх нь баталгаажна.

Түрээсийн орон сууцны 20 хувийг залуу гэр бүлд, 25 хувийг төрийн албан хаагчдад, 20 хувийг хувийн байгууллагын ажилтнуудад, таван хувийг 18 хүртэлх дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд, таван хувийг өрх толгойлсон эцэг эхэд, таван хувийг өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадад, 50 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд, таван хувийг гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд олгох квот тогтоосон юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here