Эхлэл дэлхий В.Путинийг доромжилсон Гүржийн телевиз үйл ажиллагаагаа зогсоожээ

В.Путинийг доромжилсон Гүржийн телевиз үйл ажиллагаагаа зогсоожээ

Гүржийн “Рустави 2” телевизийн “P.S.” нэвтрүүлгийн хөтлөгч Георгий Габуния ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг өнгөрсөн ням гаригт шууд эфирт орос хэлний хамгийн муухай хараалаар доромжилжээ.

Сэтгүүлч Георгий Габуниягийн зүй бус үйлдэлд Гүржийн нийслэл Тбилисийн олон зуун оршин суугч дургүйцэн “Рустави 2” телевизийн барилга руу хогийн шүүр, түүхий өндөг, лонх шидлэн тус телевизийн “P.S.” нэвтрүүлгийн хөтлөгч түүнээс гадна ерөнхий захирал Ника Гварамияг огцрохыг шаардсан байна.

Георгий Габуниягийн үйлдлийг Гүржийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар эрс буруушаасан төдийгүй тус улсын иргэд интернетийн олон нийтийн сүлжээгээр шүүмжилжээ. Энэ бүхний дараа “Рустави 2” телевиз эфирт гарахаа больсон байна.

Гүрж, Оросын харилцаа өнгөрсөн сарын 20-нд Олон улсын парламент хоорондын үнэн алдарт шашны ассамблейн нээлтийн үеэр ОХУ-ын төлөөлөгч Гүржийн парламентын даргын суудлыг эзлэн үг хэлсний дараа хурцадсан юм. Оросын төлөөлөгчдийг Гүржээс хөөхийг шаардсан олон арван мянган хүний жагсаал тус улсын парламентын ордны өмнө олон хоног үргэлжилж, 240 гаруй хүн бэртэж гэмтсэн билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүний хариуд Гүржтэй иргэний агаарын нислэг үйлдэхийг зогсоох тушаал гаргасан нь тус улсын аялал жуулчлалын салбарт шууд сөргөөр нөлөөлж эхэлсэн юм. Учир нь Гүрж дахь гадаадын жуулчдын 20 гаруй хувь нь Оросоос ирдэг гэнэ.

Тэгвэл Г.Габуниягийн хэлсэн үгний хариуд ОХУ Гүржээс дарс, эрдэстэй ус оруулахыг хориглох төлөвтэй.

Б.Төгсөө Ura.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here