Английн төв банк удахгүй гүйлгээнд гарах 50 паунд стерлингийн шинэ дэвсгэртийг танилцуулжээ. Тус дэвсгэрт дээр Английн алдарт математикч Алан Тьюрингийн хөргийг дүрсэлсэн аж.
Их Британийн Засгийн газар өнгөрсөн жил 50 паундын стерлингийн шинэ мөнгөн дэвсгэртийг шинжлэх ухааны ямар нэг гарамгай зүтгэлтний хөрөгтэйгөөр гаргахаар шийдвэрлэжээ. Тус улсын 227 мянган хүн санал асуулгад оролцож физикч Жеймс Клерк, физикийн онолч Стивен Хокинг, Пол Адриен Морис Дирак, биофизикч Розалинд Франклин, палеонтологич Мэри Энниг гээд 989 эрдмэтний нэрийг дэвшүүлснээс математикч Алан Тьюринг шалгарсан байна.
Алан Тьюринг нь мэдээлэл зүйн шинжлэх ухааны үндэслэгчдийн нэг бөгөөд “Тооцоолон бодох машин ба оюун ухаан” илтгэлдээ тооцоолон бодох машин, хиймэл оюун ухаан зэрэг ойлголтыг анх тодорхолсон ажээ.
Б.Төгсөө ura.mn