Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компанийн хоёр нефть боловсруулах үйлдвэрийг өнгөрсөн бямба гаригт нисгэгчгүй аппаратуудаар довтолсны улмаас тус улсын газрын тосны үйлдвэрлэл өдөрт 5.7 сая баррель буюу бараг хоёр дахин буурсан тухай “Bloomberg” агентлаг уламжиллаа. Энэ нь газрын тосны дэлхийн үйлдвэрлэлийн таван хувьтай тэнцэж байгаа юм.
Иймээс ч тус түүхий эдийн дэлхийн зах зээл дэх үнэ гуравхан хоногийн дотор 15 хувиар өсчээ. “Brent” загварын нефтийн үнэ 15.3 хувиар өсч баррель 69.65 ам.доллар, “WTI” загварынх 14.8 хувиар нэмэгдэн баррель нь 63.1 ам.долларт хүрээд байна.
Энэхүү алдагдал Персийн булангийн 1990 оны дайн, Ираны 1979 оны лалын хувьсгалын үеийнхээс ч давсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
Б.Төгсөө