“Саарал жагсаалт”-д орсон нь “мөнгө угаах гэмт хэрэгтэйгээ тэмцээч ээ” гэсэн сануулга хэмээн албан тушаалтнууд амнаас ам дамжуулан ярьж байна. Харамсалтай нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа нь хуулийн хүрээнд явагдаж байгаа мэт харагдаж байгаа ч хэрэгжилтийн явцад үр дүн муутай байгаа юм. Хамгийн энгийнээр бол, ядаж авлигын хэргүүдээ тогтвортойгоор шийдвэрлээсэй гэдэг анхааруулга.
Гэтэл манай улсын хувьд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байтугай авлигатай тэмцэж, гэмт хэрэг илрүүлсэн ч улсад учруулсан хохирлыг нь барагдуулахад хүндрэл учирдаг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр, сүүлийн жилүүдэд авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ ганцхан жилийн хугацаанд өмнөх 10 жилтэй харьцуулахад асар өндөр тоо гарчээ гэх мэдээлэл түглээ.
Үнэхээр ч авлигачдын учруулсан мөнгөн дүн энэ оны эхний хагас жилийн байдлаар 11.9 их наяд төгрөг гэнэ. АТГ-т 2007-2018 онд 2000 гаруй хэргийн улмаас улсад 802 тэрбум төгрөгийн хохирол учирсан судалгаа бий. Гэтэл 2019 оны эхний зургаан сарын байдлаар 11.9 их наяд болтлоо өсчээ.
Гэтэл Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг байхаар тооцсон байдаг. Түүнчлэн 2018 онд улсын нэгдсэн төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсан хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оны эхэнд мэдээлэл өгч байсан. Ингээд харахаар авлигачдын улсад учруулсан хохирол улсын төсвийн орлогоос ч даваад явчихаж байгаа юм.
Дээрх хохирлын 11.9 их наяд төгрөгөөр 700 мянган айлыг орон сууц барих эсвэл Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 308 мянган иргэн тус бүрт 38 сая 600 мянган төгрөг өгөх боломжтой байсан талаарх мэдээлэл ч бий.
Хохирлын хэмжээ буурахгүй байгаа нь хууль эрх зүйн орчинтой холбоотой гэдгийг албаныхан хэлдэг. Тодруулбал, авлигын гэмт хэргийг илрүүлсэн ч хохирлын эргэн төлүүлэлт ганцхан хувьтай байгаа. Хуулийг хэрэгжүүлэх шатанд алдаа, дутагдал байна гэсэн үг.
Учир нь авлигын гэмт хэрэг мөнгө санхүүтэй холбоотой. Тиймээс мөрдөн шалгах явцад гадагшаа чиглээд олон улсын банк, санхүүгийн байгууллагад орчихдог. Эргээд зүсийг нь хувилгаад оруулж ирж байгаа нь мөнгө угаах гэмт хэргийн шинж чанартай болчихдог. Тиймээс АТГ олон улсын ижил төстэй байгууллагуудтай мэдээлэл солилцох, хамтран ажилладаг. Түүнчлэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, холбогдогч нь ял авсан гээд хохирлыг эргэн төлүүлэхгүй байгаа зэрэг нь дээрх тоо нэмэгдэх шалтгаан ч болдог. Тиймээс авлигачдын учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн шинэчлэл хэрэгтэй байгаа юм.
Эх сурвалж: erennews.mn