Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой комиссын хурал аравдугаар сарын 31-ний өдрийн 11 цагт болж, Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй дүүргийн онцгой комиссын гишүүд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх асуудалтай танилцсанаар эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, сайжруулсан түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдал, түүхий нүүрсний хэрэглээг хориглох талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон Засаг даргын А/363 дугаар захирамжаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа дүүргийн “Шуурхай штаб”-ын үйл ажиллагаа, ажлын явц, хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, комиссын гишүүдэд дүүргийн онцгой комиссын дарга тодорхой үүрэг чиглэл өглөө.
Үргэлжлүүлэн Нийслэлийн Онцгой комиссын хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохицуулалтыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, дүүргийн шуурхай штабын томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих зорилгоор шалгалт явуулах бүрэлдэхүүн, хуваарийг Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар батлагдан дүүргийн Засаг даргын захирамжаар 24 цагаар үүрэг гүйцэтгэх дүүргийн “Шуурхай штаб”-ын бүрэлдэхүүн хуваарийн дагуу ажиллаж, ажлын явцын мэдээллээ тайлагнаж, танилцууллаа.
Үүний дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих зорилгоор шалгалт явуулах 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа дүүргийн “Шуурхай штаб”-ын бүрэлдэхүүний үйл ажиллагаа, ажлын явцтай биечлэн танилцаж, долоо хоногт хоёроос доошгүй удаа ажлын явцын мэдээллээ тайлагнаж ажиллахыг үүрэгдлээ.