Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Хэнтий аймгийн ЗДТГ, Тогтвортой амьжиргаа-3 төсөлтэй хамтран “Иргэдийн оролцоот Шинэ Хэнтий” төслийг 2018 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Тиймээс энэхүү төслийнхөө хэрэгжилтийг тайлагнах, шилдэг аравтуудын сайн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлж, амжилттай ажилласан сум, багийн Засаг дарга нар, аравт, хэсгүүдээ урамшуулах зорилгоор 2019.10.25-ны өдөр “Иргэдийн оролцоот Шинэ Хэнтий” төслийн тайлант уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Тогтвортой амьжиргаа-3 төслийн чадавхи бэхжүүлэх мэргэжилтэн А.Мөнхбаяр болон агентлаг байгууллагын дарга нар, бүх сум, багийн Засаг дарга нар, ИТХ-ын зарим төлөөлөгчид, тэргүүний аравт хэсгийн ахлагч зэрэг 350 хүн хамрагдсан юм.
Энэ үеэр Бор-Өндөр, Баянмөнх, Баян-Овоо сум, Хэрлэн сумын 2 дугаар баг, Цэнхэрмандал сумын 3 дугаар баг, Баян-Овоо сумын Ямаат аравтын ахлагч, Баянмөнх сумын Баялаг-Ундраа малчдын бүлгийн ахлагч, Баянхутаг сумын “Малчдын эв нэгдэл” бүлгийн ахлагч, Дадал сумын Онон багийн аравтын ахлагч нар туршилгаасаа хуваалцсанаас гадна Бэлчээрийн менежментийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар Баян-Овоо сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Оюунчимэг, Сумын төвийн газрын дахин төлөвлөлтийн чиглэлээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг даргын орлогч Цэцэгдэлгэр нарыг урьж мэдээлэл хийлгэв.
Төслийн хүрээнд аймгийн хэмжээний нийт өрхийг 791 аравт хэсэг, бүлэг, нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, 18 сумын 120 чиглүүлэгчдээр дамжуулан иргэдийг төрийн бүхий л шатны үйл ажиллагаа болон ОНХС-ийн үйл ажиллагаанд идэвхитэй хамруулж байна.
Сум орон нутаг өөр өөрсдийн онцлогт тулгуурлан ОНХС-ийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах арга хэлбэрийг сонгон хэрэгжүүлснээр 2018 онд иргэдийн оролцооны түвшин 50,3 хувьтай байсан бол 2019 онд 75 хувьд хүрч 25.3 хувиар өсчээ.
Төслийн үр дүнд иргэд маань нийгмийн амьдралд шүүмжлэлтэй хандахаасаа илүү оролцоотой болж, өөрийн амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулахын төлөө, нэг нь нийтийнхээ төлөө хөдөлмөрлөж, “Би” гэсэн хувь үзлээсээ салж “бид” гэсэн үзэл хандлагыг төлөвшүүлж байгаа юм. Тодруулбал Баянмөнх сумын Дулаан багийн Баялаг Ундраа малчны бүлэг нь бэлчээрийн хортон үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг хамтдаа зохион байгуулж, мал сүргээ тарилга угаалгад бүрэн хамруулж, үүлдэр угсааг нь сайжруулах талд идэвхи санаачилгатай ажиллажээ. Мөн сүү цагаан идээгээр өөрсдийн хэрэгцээгээ хангахаас гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумынхаа хүүхдийн цэцэрлэгт сүү цагаан идээний дэмжлэг үзүүлдэг сайн жишээ ч байна.
Биндэр сумын Баян-Өндөр багийн Баянбүрд бүлэг нь 22 өрхтэй бөгөөд хамтдаа шинээр 2 гүний худаг гаргаж, 4 худаг шинээр засварлаж, 3 өрхдөө өвөлжөө хаваржааны барьсан байна. Мөн бүлээрээ хуримтлалтай болж гишүүдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангаж эхэлжээ.
Цэнхэр мандал сумын согоот багийн Хамтын хүч аравт нь 25 малчин өрх нэгдэж Хэрлэн гол дагуу 5 га газарт овъёос царгас тариалж эхний ургацаа өрх бүртээ тэнцүү хуваарилаж, цөөн малтай айл өрхөө дэмжиж, хүүхэд багачуудаа ажилд суралцуулах, тэднийгээ урамшуулах ажлыг зохион байгуулжээ.
Энэ мэтчилэн хөдөөгийн аравт, бүлгүүд маань хамтдаа хадлан тэжээлээ бэлтгэж, худаг усаа гаргаж, мал сүргээ эрүүлжүүлэх, үйлдвэр угсааг нь сайжруулах, бэлчээрийн талбайгаа нөхөн сэргээх зэрэгт нэгдэж ажилладаг болсноос гадна хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж өрхийн үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлж байна. Харин төвийн багийн аравт хэсгүүд маань зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд идэвхитэй оролцож, хэсгүүдийнхээ дунд болзолт уралдаан зарлаж орчныхоо өнгө үзэмжид анхаарч байгаагаас гадна эрүүл мэндийн даатгал сайн дурын нийгмийн даатгалд иргэдийгээ хамруулжээ.