Хэнтий аймгийн есөн суманд энэ жил шинээр багийн төв барьж ашиглалтад орсны отгон нь Галшар сумын Жаргалант багийн төв болов.
Тус баг 1957 онд нэгдэлжих хөдөлгөөн ялснаас хойш сумын 3-р бригад, хожим Жаргалант багийн статустай болжээ. Багийн Засаг дарга Н.Гандугар хэлэхдээ “Хуучин багийн төв 1970-аад онд баригдсан, хэд хэд засвар орж, хуучирч муудсан. Харин шинэ багийн төвтэй болсноор олон нийтийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг явуулах таатай нөхцөл бүрдэж буйг онцолж, цаашид багийн иргэдтэйгээ хамтран спортын талбай барих зорилт тавьсан” гэв.
Жаргалант баг 103 өрх, 308 хүн амтай. Үүнээс малчин болон мал бүхий 82 өрхтэй, 38 мянга гаруй малтай, сүүлийн жилүүдэд хүн ам нэмэгдэж байгаа гэнэ.
Улсын төсвийн 40 сая төгрөгийн өртгөөр барьсан 6х10 харьцаатай 60 м.кв тохилог багийн төвтэй болж буйдаа талархан багийн 60 шахам өрхийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байв. Тэдний дунд шагайн харваа, олс татах, буухиа тэмцээн зохион байгуулснаас гадна сумын эрүүл мэндийн төвийн үзлэг, шинжилгээ хийж, малчны гол шалгуур болсон хурга жинлэх болзолт уралдаан болов.
Нээлтийн үеэр тус сумын Засаг дарга Н.Энхтайван багийг хашаажуулах ажлыг ирэх хавар шийдвэрлэхээ дуулгасан бол ИТХ-ын дарга П.Энхбаатар Хэнтий аймагт Жаргалант нэртэй дөрвөн баг байдаг. Тэдэнтэй түншийн холбоо тогтоож ажиллахыг багийн удирдлагуудад уриаллаа.
Энэ жил Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Хэрлэн, Батноров, Баян-Овоо, Дадал суманд мөн багийн төвүүдийг барьж, төрийн үйлчилгээний анхан шатны нэгжүүд иргэддээ ойр ажиллах боломж бололцоо бүрдэж байна.