Эхлэл УИХ Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгүүд байгууллаа

Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгүүд байгууллаа

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 58 минутад эхэлж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. 

    Ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл -1.2 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцож төслийг өргөн мэдүүлсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны төсөв 538.3 тэрбум төгрөгөөр баталсан, төлөвлөгөөт ажлууд хэрэгжиж байгааг тэрбээр тэмдэглэв. Үүссэн нөхцөл байдлыг харгалзан зарим орон тоо нэмэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд тус яам Улсын Их Хурлаас баталсан төсвийн хязгаар, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд асуудлыг авч үзээд 606 орон тоо нэмэгдүүлэх, НДШ-ийг 41 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ. Тухайлбал, Засгийн газрын түвшинд экологийн цагдаа бий болгохоор шийдвэрлэж 146 орон тоо, хар тамхитай тэмцэх албанд 58 орон тоо нэмэгдүүлэх асуудлыг тусгасан. Хил хамгаалах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мөн тодорхой тооны орон тоо нэмэгдүүлэхээр төсөлд тусгаад байгаа аж. Хөрөнгө оруулалтын тухайд 215.2 тэрбум төгрөгийн саналыг Сангийн яаманд хүргүүлсэн, 48 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгуулсан байна. Үүнд шилжих хөрөнгө оруулалт, тодорхой тооны шинэ бүтээн байгуулалтууд бий гэв. Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц дахь хөрөнгө оруулалтын зардал өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан гэдгийг салбарын сайд нь онцолж байлаа. 

    “Нэг иргэн-нэг бүртгэл” гэсэн Засгийн газрын хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд барилга байгууламжийн асуудлыг цэгцлэх шаардлагыг тайлбарлав. Мөн гадаад паспортын бичилтийг хувийн байгууллагаар хийлгэх нь зохимжгүй тул үүнтэй холбоотой зардлыг төсвийн төсөлд тусгасан байна. 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан, Л.Болд, О.Батнасан, Х.Нямбаатар нар асуулт асууж салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс тодруулга хийлээ. Монгол Улсын нийт импортын 70 хувь нь нэвтэрдэг, өдөрт 8-10 мянган зорчигч дамжин өнгөрдөг Замын-Үүд сум, Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагын хүчин чадал, орон тоог нэмэгдүүлэх асуудлыг Б.Дэлгэрсайхан гишүүн хөндөв. Хар тамхитай тэмцэх албанд шинээр нэмэгдэж буй орон тооноос багадаа 2-ыг, мөн экологийн цагдаагийн орон тооноос мөн тус аймагт тодорхой тоог хуваарилах саналыг гаргав. Мал амьдаар нь экспортлохгүй гэдэг шийдвэртэй холбоотойгоор 20 гаруй мянган тооны мал тус сумын нутаг дэвсгэрт байгаа, бөөнөөрөө байгаа мал халдварт өвчинд гарах эрсдлийг санууллаа. Хувийн байгууллагын мал бааз байгуулсан асуудлыг цагдаагийн ажилтан, албан хаагчид оролцож шийдвэрлэхгүй, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэдгийг салбарын сайд хэллээ. Экологийн цагдаа гэдэг шинэ бие бүрэлдэхүүн нь нөхөн сэргээлт хийгдээгүй, хууль бус уул уурхайн асуудалд төвлөрч ажиллах үүрэгтэйгээр байгуулагдаж буйг Ц.Нямдорж сайд тайлбарласан. 


    Төсөвт өртөг өндөртэй бүтээн байгуулалтуудын асуудлаар Л.Болд гишүүн тодруулж, О.Батнасан гишүүн хилийн шугам, тор, шонг сэргээх, засварлах, камер байрлуулах асуудлаар санал гаргаж байв. Салбарын хэмжээнд барилга байгууламжийн нөхцөл байдлыг судалж, холбогдох дүгнэлтүүдийг гаргахтай холбоотой саналыг гишүүд хэлж байсан. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 


    Дараа нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариар ахлуулан байгуулав. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболдоор, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатараар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here