УИХ, Засгийн газрыг тараана гэсэн асуудал өнөөдрөөс яг жилийн өмнө буюу 2018 оны 11-р сард хүчтэй яриагдаж байв. Мэдээж ЖДҮ-чин гишүүдийн асуудалтай холбоотойгоор тарах эсэх талаар шуугиж байсан. Тэр үед УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “УИХ тарах хэмжээний нөхцөл байдал үүссэн гэж би харахгүй байна. Энэ бол Монгол Улсын төр. Хэн нэгэн гарч ирээд төрийг нураана, шинээр эмхлэн байгуулна гэж дураараа загнаж болохгүй. Ялангуяа өвлийн улирал болж, өвөлжилт, зуд турханы асуудал хаяанд ирсэн энэ үед УИХ-ыг тараах асуудал гарахгүй байх гэж бодож байна” гэж байсан.
Мөн тэрбээр “ЖДҮХС-гаасзээл авсан хэрэг бол тусдаа асуудал. Зээл авсан хүмүүстэй нь л хариуцлага ярих ёстой… ЖДҮ-ээс гадна Оюутолгой зэрэг хэдэн тэрбумаар нь улс эх орноо худалдчихсан хүмүүсээ яах гэж байгаа юм. Манай төрийн системд хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл үнэхээр суларсан байна” хэмээн ярьж байв.
Тийнхүү ЖДҮ-г жижиг асуудал хэмээж байсан тэрбээр “Нарлаг хараа” ХХК-даа 750 сая төгрөгийн зээл авсан аж. Үүнийг хэвлэлүүд саяхныг болтол мэдээлж байлаа. Гэсэн ч тэрбээр авсан, аваагүйн талаар ганц ч үг унагаагүй л байна.
Харин ч олон түмний санаа сэтгэлитйг төөрөлдүлэх гэсэн мэт “ЖДҮ-ээс хэн хэн зээл авсныг цааш нь хөвөрдөөд том том хулгайг илрүүлж болно” гэсэн өнгө аястай юм ярьж жинхэнэ шударгын дүр эсгэж байв.
Хөвсгөл нутгаас сонгогдсон түүний карьер энэ удаагийн сонгуулиар дуусгавар болсон тухай нутагт нь шуугиж байхад мань хрүн шударгын дүрдээ тоглож шударга ёс ярьсаар л явна. Тиймээс түүнийг хөвсгөлчүүд 2020 оны сонгуульд гаргавал “Аз харина” гэж ярьж, арай өөрийг эрэлхийлж байгаа гэнэ лээ.
Эх сурвалж: http://erennews.mn/