Гишүүдээс хамгийн их хадгаламжтай нь Ж.Ганбаатар гэх яриа байдаг ч түүнийг үгүйсгэж “Байгаа орлогоо бодитоор нь л мэдүүлсэн. УИХ-ын гишүүн болсноор миний бизнест эергээр нөлөөлсөн нэг ширхэг ч зүйл байхгүй. Амьдралдаа улсаас нэг ч тендер авч үзээгүй. Надад том шунал алга даа…” гэж хариулж байсан тэрбээр ЖДҮ-чдийн талаар сэтгүүлчийн “ЖДҮ-д барьцаалагдсан парламент болчихсон гэдэгтэй та санал нийлэх үү” гэсэн асуултанд “Яалаа гэж дээ. Сөрөг хүчний болон сэтгүүлчдийн л хардлага болов уу. Бусдын өмнөөс тайлбар хийх эсвэл алдаа гаргасан хүнийг араас нь өөнтөглөж ярих ёс суртахуун надад байхгүй. Ер нь бол манайхны ихэнх нь асуудалд шүүмжлэгч байр сууринаас ханддаг. Бүгдийг харлуулах нь утгагүй, дунд нь болж бүтэж байгаа зүйл зөндөө бий” гэх мэтээр илт өмөөрч их л ёс суртахуун ярьсан.
Их сайн ёс суртахуунтай тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажилладаг гэж байгаа. Гэсэн ч энэ хүн өндөг шиг өөгүй, харин өнөө Б.Батзориг их муу хүн болж таараад байгаа юм.
ЖДҮ-гийн тухай ярихаар л мань хүн бултаж бусгаад байдаг гэх яриа ч үнэний ортой аж. Ёс суртахуун ярьдаг энэ эрхэм ч гэсэн ангийн анд Б.Батзоригийнхоо нэгэн адил хариуцлага хүлээж яагаад болохгүй гэж. Анх ЖДҮ-гийн асуудал яригдаж эхлэхээс өнөөдрийг хүртэл “Марал буян групп” гэсэн нэртэй компанид зээл авсан гэх зэргээр бичигдсээр ирсэн ч өөрөө өнөөдрийг болтол нэг ч удаа албан ёсны тайлбар өгөөгүй нь “авсан нь үнэн” гэх хардлагыг төрүүлсэн хэвээр байгаа.
Түүнийг “Уснаас хуурай гарахаа мэддэг хүн” гэдэг нь ч оргүй биш бололтой. Тэрбээр 2016 оны сонгуульд БГД-ийн 5, 6-р хорооны иргэд сонгогчдын төлөөлөл болон гарч ирсэн. Гэтэл түүнд хүсэлтээ уламжлах гэж тус хороодын иргэд яаж ч хичээгээд бардаггүй аж. Аргаа барсан иргэд хэвлэлээр өөрт чинь олон удаа үг, захидал дайсан ч өнөөдрийг хүртэл сонгогчид руугаа тоож хараагүй гэх. Сонгогчдоо тоож хардаггүй учраас орон сууцанд амьдардаг гэх иргэд орчны тохижилтгүй газарт өвөл нь мөсөн дээр зун нь шавар, намаг, шалбаагт амьдарсаар удаж байна.
Уг нь дээр өгүүлсэнчлэн их хэмжээний хадгаламжтай, “Ойгүй баян Оргилын Ганбаатар” гэх тодотголтой эрхэм гишүүнд орчны тохижилт энэ тэр юухан байхав дээ. Дургүйд хүчгүй гэгчийн үлгэрээр сонгогчдынхоо ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулахад хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа түүнийг ирэх сонгуульд сонгохгүй, “Манай хороог зорихын ч, санахын ч хэрэггүй” гэж байна билээ. Зөвхөн эндээс л гэхэд эрхэм гишүүний өнөөх ёс суртахуун ёстой л үнэртэж байна. Та өндөг шиг өөгүй ч сонгогчдод ч хэрэггүй л гэнэ шүү.
Эх сурвалж: erennews.mn