Тэрбээр илтгэлдээ, одоогоос 30 жилийн өмнө нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх үйл хэрэг нь Монгол Улсын түүхэнд байгаагүй өөрчлөлт шинэчлэлт байсныг онцлон дурдав.
Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжих үйл явц шулуун дардан байгаагүй, саад бэрхшээл, сорилт олныг даван туулж ирсэн. Энэ түүхэн үйл хэргийг санаачилсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн, ардчилсан тогтолцоог цогцлон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг медалиар Монгол Улсын Ерөнхийлөгч шагнаж байв.
Ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр юм. Бид олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийж, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлснийг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.
Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан. Байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ нар хууль санаачлагчаас асуулт асууж тодруулан төслийг дэмжиж буйгаа хэллээ. Мөн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар медаль бий болгож баяр тэмдэглэж баярлахдаа гол биш ардчиллыг улам бэхжүүлэх, үнэт зүйлсээ хамгаалах, шударга ёсыг эрхэм болгож ард иргэдээ ажилтай, орлоготой байлгахад анхаарах ёстойг хэлээд төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Ингээд санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Тогтоолын төсөл нь 3 зүйл, 2 хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд монгол хүн бүрийн нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон Монгол орны түүхийг бодит нь баталгаажуулах, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах үйл явц болно гэж үзэж буйгаа хууль санаачлагч хэлж байв. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль нь Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох юм байна.