Эхлэл УИХ Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа солилцов

Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа солилцов

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын  Ардчилсан институт, хүний эрхийн газрын улс төрийн намын олон улсын шинжээчдийн багийн гишүүн Фернандо Вертоа тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2019.12.03) хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт Улсын Их Хурлаас Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа энэ үед дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд онцлоод өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн хүрээнд томоохон өөрчлөлт гарч, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсныг цохон тэмдэглэв. Ингээд тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн улс төрийн намтай холбоотой заалтуудаас товч танилцуулав.

Харин хамтарч ажиллах хүсэлтийг нь таатай хүлээн авч, гаргасан санал, зөвлөмжид ажил хэрэгчээр хандаж буйд Фернандо Вертоа Байнгын хорооны даргад талархал илэрхийлээд Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тус байгууллагаас гаргасан санал зөвлөмж, олон улсын сайн туршлагыг нэгтгэсэн тайлангаас танилцуулсан юм. Улс төрийн намын тухай хуулийн одоогийн төсөл нь өмнөх төслөөс хавьгүй давуу болсонд баяртай байгаагаа тэрбээр дурдаад хуулийн төсөлд тусгагдсан улс төрийн намын бүртгэл, төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, иргэн, байгууллагаас үзүүлэх хандив туслалцаа, тэдгээрийн тайлагналт, хяналт, хариуцлагын механизм зэрэг асуудалтай холбогдуулан зарим саналаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн төсөлтэй холбогдуулан санал зөвлөмж ирүүлж, бусад улсын сайн жишиг туршлагаас хуваалцсанд талархал илэрхийлээд тайлан, санал зөвлөмжийг хуулийн төсөлд тусгахад аль болохоор анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн улс төрийн намуудыг хариуцлагажуулах, намууд бодлогоо хэн нэгэн, хэсэг бүлгийн хүрээнд биш, нийт улсын хэмжээнд тодорхойлж, түүнийхээ төлөө үүрэг, хариуцлага хүлээдэг байх, намуудын санхүүжилт, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод, ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байх нөхцөлийг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн сайн хуультай болохыг хичээж байгаагаа дурдаад энэ үндсэн дээр хуулийн төслийг улам чамбайруулах үүднээс он гараад хамтарсан семинар зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга О.Содбилэг, Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын дэд хэсгийн гишүүн, улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг, International IDEA төслийн Монгол дахь зохицуулагч Б.Баттуул нар оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэьлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here