Америкийн Төлөөлөгчдийн ордон ерөнхийлөгч Доналд Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгрессын үйл ажиллагаанд саад хийсэн хэргээр шалгах асуудлыг олонхийн саналаар дэмжлээ.
Ийнхүү Трамп өндөр түвшний гэмт хэргээр шалгагдаж буй Америкийн гурав дахь ерөнхийлөгч болжээ. Ингэснээр Трампыг шалгах асуудлыг ирэх сараас эхлэн Сенатад хэлэлцэх ба түүнийг албан тушаалаас нь огцруулах хүртэл арга хэмжээ авах юм.
Доналд Трамп өнгөрсөн долдугаар сард Украины ерөнхийлөгч Влодимир Зеленскийтэй утсаар ярихдаа Ардчилсан намын өрсөлдөгч Жое Биденийг шалгахыг хүссэн байна. Биденийг шалгахгүй бол Украинд үзүүлдэг цэргийн тусламжаа зогсооно гэж сүрдүүлсэн талаар нууц эх сурвалжууд мэдээлсэн юм.
Үүний дагуу Трампыг сонгуульд гадны орныг хөндлөнгөөс оруулахыг завдсан хэргээр шалгахыг Ардчилсан намынхан дэмжсэн байна.
Төлөөлөгчдийн ордон өмнө нь 1868 онд ерөнхийлөгч Эндрю Жонсон, 1998 онд Билл Клинтон нарыг шалгаж байсан ба 1974 онд Ричард Никсоныг шалгах талаар ярилцаж байсан ч өөрийн хүсэлтээр огцорсон юм.
Жонсон, Клинтон нарыг Сенатын шийдвэрээр цагаатгаж байсан ба Трампыг ч мөн буруутгах магадлал маш бага байна. Учир нь, Сенатад Бүгд найрамдах намынхан олонх юм. Гэсэн ч Трамп ирэх оны 11-р сард ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх ба Төлөөлөгчдийн ордонд шалгуулсан асуудал нь сонгогчдын хандлагад нөлөөлж магадгүй байна.
Эх сурвалж: udriintoim.mn