Мэргэжлийн байгууллагуудаас гэмт хэрэг зөрчлийн тоо буурсан тухай мэдээллийг ихэвчлэн хүргэдэг. Тэгвэл нэг дүүргийн нэг хороонд гэмт хэргийн гаралт өссөн тухай мэдээлэл сэтгэл сэрт хийлгэв. Гэхдээ бүр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг шүү.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Гэр бүлийн хүчирхийллийн болон гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирсон гэмт хэрэг гарч байгаа шалтгаан, нөхцөл, хэргийн шийдвэрлэлт, шүүхээс ял, шийтгэл оногдуулсан байдал”-ыг 2019 оны сүүлийн хагас жилийн байдлаар судалжээ.
Тус дүүрэг дэх Цагдаагийн хэсэгт дээрх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг бүртгэлтийн 53 хэрэг шалгагдсан нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 27.4 хувиар буурсан боловч 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ төрлийн гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлттэй гарсан байна.” гэжээ. Буурсан хэрнээ нэг хэсэг газарт өссөн байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татав.
Прокуророос дээрх 53 хэргийн 31 хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн. Шүүхээс 1 шүүгдэгчид 4 жилийн хорих ял оноож, бусдад нь хорихоос өөр төрлийн ял оногдуулсан гэж байгаа. Мөн шүүгдэгч нарын 8 нь өмнө нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан бол 1 нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байж.
Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх тохиолдолд ахуйн хүрээнд буюу орон байранд, шөнө оройн цагаар үйлдэгдэж байгаа бөгөөд тэдгээр гэмт хэрэгт холбогдогчид нь бүгд дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилтай хүмүүс байсан байна.
Мөн бага насны хүүхдийн эрх ашиг хохирсон 36 хэрэг байгаа нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 30.5 хувиар өсчээ. Тэдгээр хүүхдүүд ихэвчлэн “Хулгайлах”, “Дээрэмдэх”, “Залилах”, “Гэр бүлийн хүчирхийллийн” гэмт хэргийн хохирогч болсон бөгөөд бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт холбогдогчид нь ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд буюу 10-18 насны хүүхдүүд байгаа бол хохирогчид нь 0-11 насны хүүхдүүд байж… гэх зэргээр мэдээллийг цааш хөврүүлж болно.
Гэмт хэргийн тоо өсч, ял шийтгэгдэж байгаа ч ногдуулж буй шийтгэл нь хөнгөдсөн учраас гэмт хэрэгтнүүд дахин дахин хэрэг үйлдэж байгаа нь харагдаж буй юм. Энэ нь УИХ-аас батлан гаргаж буй хуулиуд нь гэмтнүүдийн толгойг илсэн, өөгшүүлсэн хууль болж буйд учир, шалтгаан нь оршиж буй гэж хэлэх байна.
Нөгөөтэйгүүр хууль батлагсад хуулийг завхруулж байгаатай агаар нэг юм.
Эх сурвалж: erennews.mn