Коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 15134 эмнэлгийн ор байна. Үүнээс 2195 орыг шууд коронавирусийн халдварын үед ашиглах боломжтой. Халдварын үед ашиглах эм, эмнэлгийн 2586 тоног төхөөрөмж байна. Эдгээр нь коронавирусийн шинэ халдвар дэгдвэл хангалттай биш гэж үзэж байгаа. Гадаадын туршлагаас харахад Ухань мужаас ард иргэдээ авчрахдаа шууд халдвартын эмнэлэгтээ байршуулахгүй байна. Тиймээс бид энэ туршлагаас санаа авч тусгай объект олохоор ажиллаж байна. Мөн халдвар илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа хамгаалах хэрэгсэл дутмаг байгаа. Өнөөдрийн хувьд үүсээд байгаа асуудал бол маск. Маск үйлдвэрлэдэг Монгол Улсын цорын ганц үйлдвэр маань БНХАУ-аас түүхий эдээ авдаг. ДЭМБ-тай энэ чиглэлээр хамтарч ажиллана” гэлээ.