Эхлэл Засгийн газар Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн нэг жилийн хүндрэлийг давах боломж бий

Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн нэг жилийн хүндрэлийг давах боломж бий

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.

-Та 14 хоногийн өмнө төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж байсан. Гэхдээ Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ үргэлжилсээр байна. Цаашид төсвийн байдал хэрхэх бол?

-Төсөвт тодотгол хийхгүй гэдгийг би дөрөв дэх удаагаа хэлж байна. Тодотгол хийх нөхцөл, шалтгаан ч бий болоогүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг нэлээд сайн сайжруулсан. Нэг жил орчмын хүндрэлийг даваад туулчих хэмжээний боломж бүрэн бүрдсэн. Тиймээс төсвийн тодотгол хийхгүй явж болно.

-Нүүрсний экспорт хоёр сар орчим тасалдаж, зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээний үр дагаварт төсөвт алдагдал үүсэхгүй гэж үү. Эдгээрийг даван туулах боломж бий юу?

-Бид боломжоороо тооцоолж асуудалд хандаж байгаа. Бусад судалгааны байгууллагууд өнөөгийн үүсч байгаа нөхцөл байдлыг ямар хэлбэрээр хэрхэн явагдах вэ гэдгийг судалж үзсэн байсан. Тэдэнтэй дүйцүүлж, нэг аргачлалаар явж байгаа.

-Төсөв одоогоор хэдэн төгрөгөөр тасалдаж байна вэ, төсөөллөөс харахад?

-Би өмнө нь 202.7 тэрбум төгрөг гэж хэлж байсан. Одоо хоёрдугаар сарын тоо гарчихсан. Манай яамныхан гүйцэтгэлээ гаргаад, нэгтгэж байна. Арай 202 тэрбум хүрчихгүй, 180-190 тэрбум орчим төгрөг гэж тооцож байгаа.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 4.2 сая тонн нүүрс гаргадаг байсан. Одоо 2.7 сая тонн нүүрс гарсан байна. Удахгүй энэ алдагдлаа нөхчихнө. Ер нь алдсан бүх боломжоо нөхнө гэсэн байдлаар Хятадын талтай ярьж байгаа. Дээр нь гаалийн болон боомтуудад реформууд хийгдэж байгаа. Одоо нэг цагт зургаан машин гаргадаг. Цаашид цагт 150 машин гаргадаг болно. Эдгээр реформуудтай харьцуулж, нийцүүлж харахад оны төгсгөлд алдагдсан орлогоо нөхчихнө. Зэсийн баяжмал бол хэвийн үргэлжилж байгаа.

-Засгийн газрын хуралдаанаар гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг зарим татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барихаар болсон. Хэд орчим төгрөгийн чөлөөлөлт хийгдэх тооцоолол гарсан бол?

-Бид эхний ээлжид үнийн өсөлт явагдаж магадгүй гэж тооцоолсон. Хоёрдугаарт тухайн бараа бүтээгдэхүүн хомсдож магадгүй гэж харж байсан. Гэхдээ БНХАУ, ОХУ-аас ачаа, бараа бүтээгдэхүүн хэвийн орж ирж байгаа. Экспортоо эхлүүлэх, газрын тос болон бусад ашигт малтмалуудыг Монгол Улсын боомтуудаар гаргах бэлтгэл ажлуудыг хийгээд хятадын талтай ойлголцоод явж байна. Хятадын талд ариутгалын төхөөрөмж суурилуулж байгаа. Тэгэхлээр асуудалгүйгээр экспортоо эхлүүлнэ. Нэгэнт ажил ингээд жигдрэх учраас ус үзээгүй байж хормой шуугаад яах вэ дээ. Энэ удаа нөхцөл байдлаа мэдрээд, зохицуулаад явчихна гэсэн бодолтой байгаа.

Засгийн газрын хуралдаанаар татварын чөлөөлөлтөөс өндөг хасагдсан. Манай үндэсний аж ахуйн нэгжүүд өөрсдөө үйлдвэрлэлээ явуулчихдаг, бүтээгдэхүүнээ удаан хугацаагаар хадгалах боломжгүй зэрэг шалтгааныг харгалзан үзсэн. Ингээд бүх төрлийн будаа элсэн чихэр, ургамлын тос оруулж ирж байгаа нөхцөлд татварыг нь хоёр сараар хойшлуулахаар болсон. УИХ-ын чуулганы хуралдаан сарын дараа эхэлчихнэ. Тиймээс чуулганы хуралдаанаар тэрхүү оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний татварыг нэг удаа чөлөөлөх зорилгоор УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here