УИХ-ын есдүгээр тойрог буюу Завхан аймаг 2019 оны сүүлээр 72045 иргэнтэй, 46609 нь санал өгөх насныхан гэж бүртгэгджээ. Энэ тоо он гарсаар багагүй өөрчлөлт орсон болов уу. Завханчууд МАН-ынханд гайгүй сайн хандаж, олон ч удаагийн сонгуульд итгэл үзүүлсэн. Харамсалтай нь төр түшүүлэхээр илгээсэн гишүүд нь иргэд, тойргоо мартчихдаг учраас сүүлийн үед АН-ынханд элэгтэй болчихоод байгаа.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Завханы хоёр мандатын төлөө МАН-аас УИХ-ын гишүүн О.Содбилэг, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нарыг дэвшүүлэх тухай яригдаж байна.
УИХ-ын гишүүн О.Содбилэгийн хувьд улстөрд удам залгагчдын нэг. Өмнө нь Орхон аймгаас нэр дэвшин парламентын гишүүн болсон. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ын дэд ерөнхийлөгч, МАН-ын бага хурлын гишүүн. Эдгээр нь түүнийг аавынхаа нэрээр эхлээд МАН-д дараа нь олон нийтэд танигдаж, улстөрд хөл тавьсныг баталдаг. Энэ удаа ч ялгаагүй аавынхаа төрсөн нутаг завханчуудаас санал авах боломжтой гэсэн тооцооллоор тойргоо “сэлгэж” байгаа аж.
Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн хувьд гадаадад багагүй хугацаанд амьдарсан. Эх орондоо ирмэгц нутагтаа нэр дэвших тухай нь дуулдаж эхэлсэн. Энэ жил бататгахаар болоод байгаа. Парламентад суугаа бөхчүүдийн тоог нэмэх үү сэлгэх үү гэдгийг шийдвэрлэнэ гэсэн үг. Тэрбээр өнгөрсөн жилээс аймгийнхаа сумдаар хөндлөн гулд давхиж, улстөрд орогчдын буухиаг залган, бүтээн байгуулалтын ажлууд эхлүүлээд байгаа.
Харин АН-ын хувьд тун хэцүүхэн сонголт энэ тойрогт үлдсэн. Нэр дэвшихийг горилогчдоосоо болоод хоёр мандатын эзнийг тодруулахын тулд нам дотроо асуудлаа цэгцэлж, албан тушаалын тохироо хийгдэх нь гарцаагүй болжээ.
Учир нь УИХ-ын гишүүн Я.Санжмятав, З.Нарантуяа, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нарын нэрс энд яригдаж байгаа.
УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын хувьд парламентад гурван ч удаа “заларсан”. Аймгынхаа Засаг даргаар ажилласан гээд тоочвол улстөрд ихээхэн туршлага хуримтлуулсан нэгэн. Сонгогчид нь ч түүнд ам муутай байдаггүй.
Дараагийн хүн нь УИХ-ын гишүүн З.Нарантуяа. З.Энхболдын хүн гэгдэг түүнийг олон нийт Санхүүгийн зохицуулах хорооны дарга байх үеэс нь сайн мэдэх болсон. УИХ-ын 2016 оны сонгуулиар АН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан. Тухайн үедээ намынхаа эмэгтэйчүүдийн дунд нэлээд нэр хүндтэй байсан түүний хувьд парламентад суух хугацаандаа өөрийн чадамж, чадварыг харуулж чадсан хүн.
Харин сүүлийн хүн нь одоогийн Засаг дарга Д.Батсайхан. Түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь гэж байсан ч мань хүн аймгийн намын хороогоо удирдан орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан. Энэ удаа УИХ-ын сонгуульд өрсөлдөх тухай яригдаж байгаа.
Дээрх гурван эрхмийн хэн нь завханчуудаас итгэл өвөрлөн АН-д суудал авч ирэх вэ гэдгийг эхлээд ҮБХ-ноос шийдвэрлэхээр байна.
Эх сурвалж: Erennews.mn