АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг санхүүжүүлэхээ түр зогсоож буй тухай тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тэрээр, “АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага менежментийн доголдол, коронавирусын тархалтын тухай бодит мэдээллийг нуун дарагдуулсан зэргийг шалган тодруултал санхүүжилтээ түр зогсоож байна. Манай улсын татвар төлөгчид ДЭМБ-ын төсөвт хамгийн их буюу жил бүр 400-500 сая ам.доллар оруулсаар ирсэн. Харьцуулахад, Хятад тус байгууллагад жилд 40 сая ам.доллар өгдөг юм.
АНУ тус байгууллагын гол санхүүжүүлэгчийн хувьд ДЭМБ коронавирусын тархалтын хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байна. ДЭМБ-ын коронавирусын талаарх буруу дүгнэлт, зөвлөмжөөс үүдэн дэлхийд 20 гаруй дахин их хүн өвчилсөн.
Тус байгууллагын мэргэжилтнүүд тахлын эхэн үед Хятадын эрх баригчдын вирус хүнээс хүнд дамждаггүй гэсэн мэдээлэлд итгэн Хятадтай хилээ хаах шаардлагагүй гэж үзсэн нь хамгийн том алдаа байв. Манай улс Хятадтай зорчигч тээврийн бүх харилцаагаа зогсооход тус байгууллагын шүүмжлэлд өртсөн билээ. Гэвч тийм шийдвэр гаргаснаар манай улс олон мянган иргэнийхээ амь насыг аварсан юм” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ura.mn Б.Төгсөө