УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу бие даан нэр дэвшигч нэр дэвших тойргийнхоо 801 буюу түүнээс дээш тооны сонгогчийн өөрийг нь дэмжсэн гарын үсгийг цуглуулах ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс дүүшгүй тооны сонгогчийн гарын үсгийг зуруулна” гэж хуульчилсан байдаг. Энэ удаагийн сонгуулийн бие даагчдын гарын үсэг цуглуулах хуулийн хугацаа өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ. Ингэснээр бие даан сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 208 горилогчийн хэн нь хаанаас нэр дэвших вэ гэдэг нь эхнээсээ тодорхой болж байна. Бие даан нэр дэвшигчдийн хувьд хамгийн сонирхолтой өрсөлдөөн УИХ-ын 29 дүгээр тойрог буюу гурван мандаттай Хан-Уул дүүрэгт өрнөх дүр зураг харагдаж байна. Энэ тойрогт зургаан бие даан нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд энэ нь УИХ-ын Тамгын газрын дарга асан, хуульч Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, хуульч Ж.Эрхэмбаатар, ХҮН-ын гишүүн, дуучин Т.Бат-Оргил, усны Д.Басандорж, Г.Батжаргал нар. Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигчдийг энэ удаа онцлон хүргэе.
Ц.Цолмон
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон бол мэргэшсэн хуульч. МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн тэрбээр Их Британийн Эксетерийн, АНУ-ын Колумбын Их сургуульд мастер хамгаалсан. 1993 онд УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын даргаар ажилласан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Ц.Цолмон 2019 онд өөрийн хүсэлтээр уг албанаас чөлөөлөгдсөн. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол парламентаас гаргаж байгаа бүхий л бодлого шийдвэрийг хариуцаж, нугалдаг зөвхөн мэргэшсэн хуульчдын л хийдэг чухал алба. Төрийн албыг мерит зарчмаар хашсан тэрбээр УИХ-ын гишүүний үндсэн үүрэг болох хууль санаачлан боловсруулах тал дээр мэргэшсэн нэр дэвшигч гэж болно. Сонгогчдын хүсэж буй боловсролтой, нэр цэвэр нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд түүнийг нэрлэх нь зүй биз ээ.
Н.Номтойбаяр
УИХ-ын гишүүнээр хоёронтаа сонгогдсон Н.Номтойбаярын хувьд улс төрд шинэ хүн биш. Унаж босож, уруудаж өгсөж яваа улстөрчийн нэг. УИХ-ын сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөхөөр болж байгаа түүний хувьд энэ удаа гурван онцлогтойгоор нэр дэвших гэж байна. Нэгдүгээрт, МАН-ын гишүүн тэрбээр энэ сонгуульд анх удаагаа бие даан өрсөлдөх гэж байна. Өмнө нь намын суурьтайгаар нэр дэвшдэг байсан бол энэ удаа зөвхөн өөртөө найдан өрсөлдөхөөр боллоо. Хоёрдугаарт, хэдийгээр хоёр ч удаа ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болж байсан боловч энэ удаад анх удаагаа хотын тойрогт нэр дэвшиж байна. Нутгийн, намын гэсэн дэмжлэггүйгээр анх удаа сонгуульд оролцоно гэсэн үг. Гуравдугаарт, түүнийг гурван ч эрүүгийн хэрэгт буруутгаж байгаа энэ үед ганцаараа сөрөн гарч ирж байна. Хэрэгт сэрдэгдсэн улстөрчид нам гүмхэн байхыг илүүд үздэг бол Н.Номтойбаяр ингэж сөрсөн нь магадгүй шударга бусын эсрэг босч буйн илрэл байж болох юм.
Ж.Эрхэмбаатар
Хэнтий аймгийн Бор-Өндөрт төрж өссөн тэрбээр МУИС-ийг төгссөн. “Сувд” хууль зүйн товчоонд ажиллаж байгаад “Говь” ХК-ийн хуулийн хэлтсийн захирал болсон. “Легис партнерс”, “Монросконсалтинг” ХХК, “Ананд адвокет” хуулийн фирмд ажиллаж байсан ажлын намтартай тэрбээр АНУ-ын Беркелид мастер хамгаалсан. Сүүлийн хоёр жил сошиалд идэвхтэй байсны үр дүнд фэйсбүүк, твиттэр хэрэглэгчдэд чамгүй танигдсан. ЖДҮ-ийн зээлийн асуудал сөхөгдөх үеэр хэвлэлийнхэнтэй ойр ажиллахдаа Ёс зүйгүй улстөрчдөөс төрийн албан хаагчдаа хамгаалах цаг иржээ” хэмээн ярилцлага өгч байсан юм. Харин өнөөдөр хуулийн салбараас улстөрч болохоор нэр дэвшихээр явж байна.
Т.Бат-Оргил
Т.Бат-Оргилыг улстөрч гэхээс илүү дуучин гэдгээр нь иргэд хүлээж авдаг. Магадгүй хувь хүн талаасаа биш ардын жүжигчин Л.Цогзолмаагийн зээ хүү, ардын жүжигчин Н.Сувдын хүү гэдгээрээ ч олонд танигдсан байх. “Аж богдын харуул”, “Мөнхийн ус” зэрэг дууг дуулж анх олны танил болж байсан тэрбээр өнгөрсөн сонгуулийн өмнөхөн улс төрд орж ирсэн. Өнгөрсөн сонгуулийн өмнө ХҮН хэсэг мандах үед Т.Бат-Оргилын эзэмшлийн байранд нам нь байрлаж байв. Гэсэн ч нам нь удалгүй хоёр хуваагдаж сонгуульд оролцох эрхгүй үлдсэн юм. Түүний хувьд энэ удаа бие даахдаа ХҮН-ын дарга Т.Доржхандын дэвшихээр горилж буй Хан-Уул дүүргийг сонгож авчээ. Т.Бат-Оргил энэ удаа бие даахдаа Т.Ганболдын байгуулсан бие даагчдын платформын дэмжлэгтэйгээр орж байгаа бөгөөд Т.Ганболд, Т.Доржханд нар нь ХҮН-ын хагарлын үед хоёр талд нь байсан билээ.
Д.Басандорж
ШУТИС-ийн багш, доктор Д.Басандоржийг “усны” хэмээн тодотгодог. Тэрбээр энэ удаа Тордайн Ганболдын санаачилсан бие даагчдын платформын дэмжлэгтэйгээр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байна. Байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн тэргүүн тэрбээр бохир усыг бүрэн цэвэршүүлэх технологийг Гацуурт тосгонд туршсан. “Бохир ус бол ашиглагдаагүй нөөц” гэдэг Д.Басандорж доктор дээрх технологио “Хөвсгөл” гэж нэрлэснээ зарлаж байлаа. Ус бохирдуулсны төлбөрийн хуулийн хэрэгжилт муу байгааг шүүмжилдэг тэрбээр цагдаагийн бие бүрэлдэхүүнд экологийн цагдаа гэсэн алба нэгжийг нээсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг талархан дэмжиж байгаагаа илэрхийлсэн удаатай.
Эх сурвалж: 24tsag.mn Б.Лхам