Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, үйлдвэрлэл, нөөц бололцоонд түшиглэн явуулж буй учраас ажил саадгүй үргэлжилж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, ЗХЖШ-ийн дарга, хошууч генерал Д.Ганзориг болон бусад албаны хүмүүс дагалдан ажиллав.