Эхлэл онцлох ТЭР УЛС ТӨРИЙГ СОНИРХОХГҮЙ Ч, ТҮҮНИЙГ “УЛС ТӨР” ОРОЛДОНО

ТЭР УЛС ТӨРИЙГ СОНИРХОХГҮЙ Ч, ТҮҮНИЙГ “УЛС ТӨР” ОРОЛДОНО

Одоо бол түүнийг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр гэнэ. Н.Номтойбаярыг үүнээс өмнө ХНХ-ын сайд асан, НХХ-ийн дэд сайд асан, НАМЗХ-ны ерөнхийлөгч асан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн гэдэг байв.

Түүнээс салдаггүй бас нэг тодотгол бол МАК. Энэ компани Н.Номтойбаяр хоёр бол салахгүй. Учир нь МАК түүний гэр бүлийнх нь компани юм.

Н.Номтойбаярын хувьд 2012 оноос улс төрд орж ирсэн. Түүнээс хойшхи намтар нь дээр дурдсанчлан олон “асан” болдог.

МАН-аас нэр дэвшиж Дорнодоос хоёр удаа УИХ-д сонгогдсон тэрээр хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүнээсээ татгалзаад байгаа юм. Бас МАН-аас салсан. Тэр намаасаа гарсан.

 

2020 оны УИХ-ын сонгуульд дахиад нэр дэвшихээр болж, тэгэхдээ МАН-аас биш, бас Дорнодоос биш, бие даагаад Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр болжээ. УИХ-д өрсөлдөхийг нь дэмжиж байгаа 801, түүнээс дээш хүний гарын үсэг цуглуулах ажлаа эхэлсэн байна.

 

Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ өгөхөд “Ингээд улс төрөөс гарч байгаа юм байна” гэж олон хүн бодсон байх. Өөрөө ямар шийдлээр тэгснийг бас мэдэхгүй юм. Магадгүй, ингэж явсан хүн ихэнхдээ өөр зам мөрийг сонгоод явдаг, эргэж бараг л ирдэггүй. Тэр жишгийг тэр бас дагана гэж олон нийт үзсэн биз.

Гэхдээ Н.Номтойбаярыг хөндлөнгөөс хараад байх нээ, Монголын улс төрөөс явж болохгүй лав гурван шалтгаан байх шиг байна.

Нэг. Тэр дайсантай хүн. Гэхдээ тэдгээр дайсан нь мөр зэрэгцэж яваа журмын нөхөд нь голдуу байсан. Улс төрийн өрсөлдөөн нь өс хонзон маягийн юм болж хувирсан. Хамгийн гол нь тэднийхээ талаарх иймэрхүү мэдээллийг Н.Номтойбаяр  сүүлд нь мэдсэн гэдэг. Н.Номтойбаярын сайд, НАМЗХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд очсон зэрэг нь өрсөлдөгчдийг нь өс санах шалтгаан болсон ч гэх фактууд бий. Ялангуяа 2017 оны сүүлчээс хойш Н.Номтойбаяр руу чиглэсэн үйл явдлууд нэгэн цагийн журмын нөхөдтэй нь шууд холбоотой.

Хоёр. Тэр шулуухан хүн. Н.Номтойбаяр үгээ нуудаггүй. Явдлаа ч нуухгүй. Хэлэх үгээ хэн гуайд ч хэлчихдэг нэг муу зантай. 2012 онд сонгогдсоныхоо дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай Дорнодын Засаг даргын томилгооны асуудлаар байнга үзэлцдэг байв. 2016 оноос хойш одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй бас л олон удаа ойж буутал маргасан даа.

Гурав. Тэр төрд хэрэгтэй хүн. Н.Номтойбаярын УИХ-д сонгогдож, улс төрд ил тоглож эхэлсэн найман жил бол цаг хугацааны хувьд богино ч бусдаараа урт, бас баялаг юм. Ялангуяа нийгмийн хамгааллын салбарт энэ хүний төлөвлөлсөн, эхлүүлсэн, одоо үргэлжилж буй олон ажил байдаг юм билээ.

Учир ину: Эдгээр нь улстөрч хүнд байх ёстой чанар юм.

Улстөрчид мэдлэг туршлага хэрэгтэй.

Улстөрч шулуун шударга, үгэндээ байх ёстой.

Улстөрч бүгдэд таалагдах албагүй. Харин гаргасан шийдвэр, барьсан бодлого нь нийтийн төлөө байх учиртай.

Тиймээс л “ноход” болсон нөхөд нь Н.Номтойбаярыг улс төрөөс зайлуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг бололтой юм.

Уг нь түүнд тэднийг дарах, дээр нь байх бүх боломж бий. Бас тэр  тэднээс айдаггүй, дагаж гүйдэггүй.

 

Хэрвээ Н.Номтойбаяраас өөр этгээд бол нөгөөдүүл дээрээ аврал эрж хадаг яндар барьж очоод, өнөөдөр зарим хүн шиг УИХ-ын гишүүний сэнтийтэй, номхон дөлгөөн гээчийн амьтан явж байж болох л байсан.

 

Гэвч Н.Номтойбаяраас тийм араншин, үйлдэл хэзээ ч гарахгүй. Үүнийг нь нийтээрээ мэддэг болчихжээ.

Ийм л учраас Н.Номтойбаяр Монголын улс төрийг орхиж явж болохгүй. “Чи улс төрийг сонирхохгүй байж болно. Гэвч улс төр чамайг оролдоно” гэдэг үг бий. Яг түүн лүгээ Н.Номтойбаяр улс төрөөс холдох гэвэл “улс төр” түүнийг оролдоно. Улс төр гэдэг нь нэгэн цагийн журмын нөхөд нь шүү.

Намгүй, “ажил”-гүй Н.Номтойбаярын нэр дэвших болсны шалтгааныг би ингэж тайлж байна. Харин та?

Эх сурвалж: songogch.mn С.Бэхбаатар

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here