Эхлэл Архив Х.Мандахбаярыг “онилсон” гүтгэлгүүдийг баримтаар няцаажээ

Х.Мандахбаярыг “онилсон” гүтгэлгүүдийг баримтаар няцаажээ

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдлээ. Томоохон намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр, маргаашийн дотор болж өнгөрнө. Ингэснээр ерөнхийдөө ирэх сонгуульд ямар хүмүүс өрсөлдөх тухай таамаг шувтрах юм. Гэвч үүнийг угтан тодорхой хүнийг онилсон элдэв гүтгэлгийн шинжтэй материалууд ялангуяа цахим орчинд эд эрчээ авч байна. Тухайлбал, саяхан МСНЭ-ийн ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөөд байгаа Х.Мандахбаярыг нэр дэвшиж магадгүй сургаар олон төрлийн дайралт иржээ. Тэдгээр илт худал гүтгэлгийн материалын зарим нь хэрээс хэтэрч хүний нэр хүндээр тогтохгүй, амь, амьдралыг бусниулж мэдэхээр болсон байна. Тэгвэл Х.Мандахбаярыг чиглэсэн гүтгэлгүүдэд хуульч Г.Балжмаа  баримтаар няцаалт хийжээ. Түүнийг сонирхуулъя.

Гүтгэлэг нэг

Хэд хэдэн мэдээллийн хэрэгсэл тухайлбал, “Хатуу мэдээ.мн” сайт, “Хатуу мэдээ” цахим хуудсанд “Х.Мандахбаяр шүүхийг залилан мэхэлж, шүүхэд хуурамч бичиг баримт гаргаж өгсөн хэргээр түүнд 2018 оны есдүгээр сард Эрүүгийн хэрэг үүсгэн хоёр жилийн ялтай гэмт хэрэгт яллагдагчаар татан, яллах саналтай прокурорт хүргүүлжээ” гэсэн мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд бэлтгэн нийтэд түгээсэн байна.

Няцаалт

Иргэн С.Шаравдорж тодорхой асуудлаар Иргэний шүүх болон цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Гэхдээ энэ гомдлоо Х.Мандахбаярт холбогдуулан гаргаагүй бөгөөд иргэний болон хэрэг бүртгэлтийн хэргийн оролцогч нь Х.Мандахбаяр огт байгаагүй юм. Ийм учраас дээрх хэрэгт Х.Мандахбаярыг Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэдэг асуудал нь огт үндэслэлгүй худал мэдээлэл болно. Харин С.Шаравдоржийн гомдлоор үүссэн хэрэг бүртгэлтийн хэргийн тухайд “Х.Мандахбаяр шүүхийг залилж эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татагдлаа” гэсэн мэдээлэл бэлтгэж түгээсэн 2020 оны дөрөвдүгээр сарын 23, 24-ний өдрүүдээс өмнө буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, хэргийг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн прокурорын албан ёсны шийдвэр гарсан байдаг.

Гүтгэлэг хоёр

“Х.Мандахбаярын хохирогчдын групп” хэмээх ажиллуулагч нь тодорхойгүй, хуурамч цахим хаягнаас “Х.Мандахбаяр хууль бус ан агнасан хэргээр Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд шалгагдаж байгаагаа намын нөхдөдөө мэдэгдэлгүй УИХ-д нэр дэвших эрх олж авах гэж улайрч байна” гэсэн худал мэдээлэл түгээсэн.

Няцаалт

Х.Мандахбаяр гэдэг хүн өнөөдөр гэнэт тодроод гараад ирээгүй. Хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажиллаж нийтэд танигдсан хүн. Энэ асуудлыг яагаад тодотгож байна гэвэл энэ хүн өөрийн үзэл бодол, амьдралын зорилгын талаар илэн далангүй ярьсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч, архивлагдан үлдсэн нь бий. Тэр дунд анхаарал татах нэг асуудал бол тэрбээр ярилцлага, нэвтрүүлэгт орохдоо “…Аав, ээжээс өгсөн захиас, өөрийн олж авсан хүмүүжил минь алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй, ан агнаж амьтны амь таслахгүй…” гэж олонтаа илэрхийлсэн байдаг. Дээрх худал мэдээлэл 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр сошиалаар цацагдсаны маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас авсан тодорхойлолтоор “Х.Мандахбаяр нь хууль бусаар ан агнах гэмт хэрэгт шалгагдаж байгаа асуудал байхгүй болохыг тодорхойлолтоор нотолсон байгаа.

Гүтгэлэг гурав

Мөн дээр дурдсан “Х.Мандахбаярын хохирогчдын групп” гэх хуурамч пэйжид “Хархүү овогтой Мандахбаяр гэх этгээд бусдыг залилан дээрэм хийж, онц их хэмжээний хохирол учруулан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 20080156 дугаартай хэрэгт шалгагдаж байна” гэсэн худал ташаа мэдээлэл түгээж Х.Мандахбаярын гэр бүлийн зургийг нийтэлсэн байдаг.

Няцаалт

Дээрх мэдээлэлд дурдагдсан 20080156 дугаартай хэрэг гэгч нь хэрэг бүртгэлтийн хэрэг байна. Хэрэг бүртгэлт гэдэг нь тухайн гомдолд дурдагдсан үйлдэл гэмт хэрэг мөн эсэх, түүнийг хэн үйлдсэн байж болох асуудлыг тодруулах зорилгоор хийгддэг ажиллагаа бөгөөд бидний авсан мэдээллээр энэ нь Х.Мандахбаярт хамааралгүй өөр нэр бүхий иргэдийн хоорондох техник хэрэгслийн түрээстэй холбоотой иргэний шинжтэй асуудлыг Цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байсан юм билээ. Энэхүү хэрэг бүртгэлтийн хэрэгт Х.Мандахбаяр холбогдогчоор буюу Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу сэжигтэн яллагдагчаар тооцогдон шалгагдсан асуудал байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Х.Мандахбаярын талаар бусдыг залилсан, дээрэмдсэн, шүүхийг залилсан гэх мэт асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн яллагдагчаар татагдлаа гэдэг мэдээлэл удаа дараа цацагдаж байна. 2020 оны тавдугаар сарын 14-ний цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах албанаас гаргасан тодорхойлолтоор “Хархүү овогтой Мандахбаяр ямар нэгэн хэрэгт яллагдагчаар татагдаж эрүүгийн хэрэгт шалгагдаагүй байна” гэсэн албаны баримт нь дээрх мэдээллүүдийг худал болохыг эргэлзээгүй нотолно. Энд өөр тайлбар хийх нь илүүц юм. Харин энэ худал мэдээлэл дээр Х.Мандахбаярын гэр бүлийг оролцуулж, гутаан доромжилж, түүний болон гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр фото зураг, дүр бичлэгийг ашиглаж байгаа үйлдэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байгааг хууль зөрчиж гүтгэлэг тараагчдад анхааруулан сануулж байна.

Гүтгэлэг дөрөв

Б.Мөнхтөр захиралтай “Хатуумэдээ.мн” сайт, “Хатуумэдээ” пэйж хуудас бэлтгэн түгээж байгаа мэдээллийн тухайд.

Няцаалт

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаагаа зөвхөн Х.Мандахбаярыг гутаан доромжилж, нэр төр, алдар хүндэд нь халдахад зориулагдаж, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, Үндсэн хууль болоод бусад хуулиар хамгаалагдсан хүний эрхэд халдаж байгаа нь харамсалтай. Тухайлбал, дээр дурдсан сайт, цахим хуудас иргэн Х.Мандахбаярын нэр төрд халдаад зогсохгүй түүний ар гэр, үр хүүхэд, аав ээж, удам судрыг нь оролцуулж гутаан доромжилсон илт худал, бодит бус юм. Ийм мэдээллийг үнэн мэтээр цацаж олон нийтийг төөрөгдүүлсэн илт захиалгат шинжтэй байна. Ийнхүү бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, гүтгэж, худал мэдээлэл түгээж байгаа тодорхой үйлдлүүдээр нь дээрх хэвлэл мэдээллийн байгууллага болон түүнийг төлөөлөх этгээдийн талаар Цагдаагийн байгууллагад удаа дараа гомдол гаргаж байсан. Харамсалтай нь, холбогдогчийн хаяг тодорхойгүй, холбогдогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүрэлцэн ирэх боломжгүй гэсэн шалтгаанаар дээрх этгээдүүд хариуцлагаас мултарч ирсэн. Хамгийн сүүлд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр илт худал мэдээлэл түгээсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13-ын 15-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь шалгуулахаар “Хатуумэдээ.мн” сайт “Хатуу мэдээ” пэйж хуудсыг эрхлэн гаргадаг захирал Б.Мөнхтөрийн талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэрэг шалгах ажиллагаа нь явагдаж байна.

Гүтгэлэг тав

Х.Мандахбаяр 19 настай иргэн Б.Нарангэрэлтэй ойр дотно харилцаатай байж хүүхэдтэй болгосон гэх худал мэдээллийн талаар.

Няцаалт

Х.Мандахбаяр гэдэг хүн хараат бус сэтгүүл зүй, хариуцлагатай уул уурхайг бий болгохын төлөө нийгмийн хариуцлага, хяналтыг хэрэгжүүлж тууштай тэмцэж байгааг хүн бүхэн мэднэ. Энэ нь тодорхой бүлгийн явцуу эрх ашигтай үл нийцэж байгаагаас түүнийг зохион байгуулалттайгаар гүтгэн доромжлох үйл ажиллагааны нэг хэсэг нь насанд хүрээгүй иргэнтэй бэлгийн харилцаанд орж хүүхэдтэй болгосон гэх ТВ4 телевиз, “Хатуумэдээ” сайтын нэр бүхий сэтгүүлчдийн хамтран зохиож нийтэд түгээсэн дээрх гүтгэлэг юм. Энэ гүтгэлэгтэй холбоотойгоор Х.Мандахбаяр болон иргэн Б.Нарангэрэл нар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс энэ худал мэдээллийг бэлтгэн түгээсэн, үүндээ бусдыг татан оролцуулж дарамталсан асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13-ын 5 дугаар зүйлд заасан “Заналхийлэх” гэмт хэргийн шинжтэй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа нь явагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Мандахбаяр болон түүний хүүхдийг төрүүлсэн гэх Б.Нарангэрэл нар нь бие биенээ огт танихгүй, ямар нэгэн харилцаа холбоогүй хүмүүс болох нь нэгэнт тогтоогдсон. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хөндлөнгийн лаборатори, гадаад улсад хийгдсэн ДНК-ын шинжилгээний дүгнэлтээр иргэн Б.Нарангэрэлийн хүүхэд нь Х.Мандахбаярын хүүхэд биш болох нь тогтоогдоод байгаа. Одоо худал мэдээлэл бэлтгэж бусдыг гүтгэж, энэ үйлдэлдээ бусдыг татан оролцуулахаар дарамталж, заналхийлэгчдэд хуулийн хариуцлага хүлээлгэх л үлдээд байна.

Гүтгэлэг зургаа

“Зөв хөгжил” цахим группт Д.Баярмаа гэгч нь “Х.Мандахбаяр өөрөө уул уурхайн бизнес эрхэлдэг атлаа бусад уурхайг хааж, шантаажилж байна” гэж нийтэлсэн худал мэдээллийн тухайд.

Няцаалт

Х.Мандахбаяр “Их шижир баялаг” ХХК-ийн тодорхой хувийг эзэмшдэг байсан бөгөөд энэ компани нь орон нутгийн өмчит Тавантолгойн уурхайн хөрс хуулалтын ажлын туслан гүйцэтгэгчээр тодорхой хугацаанд ажиллаж байснаас бус бие даан уурхайн үйл ажиллагаа эрхэлж, хайгуул, олборлолт, ашиглалт явуулж байгаагүй. Улмаар 2018 онд Х.Мандахбаяр нь “Их шижир баялаг” ХХК-д эзэмшиж байсан өөрийн хувьцааг хуулийн дагуу бусдад худалдсан байдаг.

Гүтгэлэг долоо

Зарим нэг Банк бус санхүүгийн байгууллага эрхлэгчдийн нэр зурагтай зэрэгцүүлэн “Х.Мандахбаяр мөнгө хүүлэгч” гэх худал мэдээлэл түгээж байгаа тухайд.

Няцаалт

3200 гишүүнтэй Удирдах зөвлөл буюу хамтын удирдлагатай “Зиндаа сан” хэмээх хадгаламж зээлийн хоршооны гишүүн бөгөөд удирдах зөвлөлөөс томилогдсон Хоршооны даргын ажлыг Х.Мандахбаяр эрхэлж байсан нь үнэн. “Зиндаа сан” ХЗХ-ны үйл ажиллагаа 2006 онд бүрэн зогссон бөгөөд Хоршооны удирдлага, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлд олон хүн байсан хэдий ч Х.Мандахбаяр тэр хүнд үед бүх хариуцлагыг өөртөө авч бүх гишүүдийн хохирлыг төлж барагдуулж байсан. Энэ нь дампуурсан Хадгаламж зээлийн хоршоодоос гишүүдийнхээ хохирлыг 100 хувь төлж барагдуулсан цорын ганц тохиолдол юм. Өдгөө “Зиндаа сан” ХЗХ-ны үйл ажиллагаа бүрэн зогсож татан буугдсан. Иргэн Х.Мандахбаяр ямар нэгэн байдлаар хадгаламж зээлийн болон мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулдаггүй.

Гүтгэлэг найм

Х.Мандахбаяр сонгуульд нэр дэвшихийн тулд байгаль хамгаалагчийн дүр эсгэж байна гэх гүтгэн доромжилсон мэдээллийн тухайд.

Няцаалт

Х.Мандахбаярын байгаль хамгаалах үйл ажиллагааны сэдэл санаа нь өөрийн төрсөн нутаг, уул усны төлөө байсан бөгөөд Өмнөговь аймгийн нутагт орших Тост, Тосон бумбын нуруунд уурхайн үйл ажиллагаа явагдаж, байгаль орчин нөхөн сэргээгдэхээргүйгээр сүйдэж, ховор ан амьтан устаж, нутгийн иргэд, малчдын эрүүл аюулгүй амьдрах эрх нь ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлыг Х.Мандахбаяр 2017 оны гуравдугаар сараас эхлэн гарган тавьж төр засаг, олон нийтийн сонорт хүргэж  эхэлсэн. 2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд “Тосон бумбын нулимс” нэртэй цуврал нэвтрүүлгүүд хийж эхэлсэн баримт нь олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд архивлагдаж үлдсэн байгаа. Үүнээс хойш байгаль хамгаалах, уул уурхайг хариуцлагажуулах чиглэлээр ганц Өмнөговь аймгаар зогсохгүй Монгол Улсыг хамарсан үйл ажиллагаа явуулж, хөдөлгөөн болгож өрнүүлсэн нь тухайн хүний итгэл үнэмшил, нийгмийн хариуцлагын асуудал болохоос аль нэг сонгуульд зориулагдсан пиар гэж дүгнэх нь дэндүү өрөөсгөл ойлголт болно.

 

Эх сурвалж: zindaa.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here